Total Pageviews

Friday, November 25, 2011

Uuchlal

Аллаа гэж бачимдуухан орилох эмэгтэйн дуунаар есөн давхарын гэрлүүд асаагүй ч хэдэн хүн сэтгэл нь сэрхийн нойрноосоо сэрсэнийг мэдэх аргагүй. Шөнө дунд л дөнгөж  өнгөрч байгаа ч бүгд гүн шөнийн амар амгалан нойрондоо дийлдэн нам гүмд автсан үе. 
- Өнөөх бас л уугаад ирээ шив гэх дээд давхарын хархүүгийн үглэх дуу 
- Хөөрхий охиныг минь дахиад зовоогоод уналааа гэх хажуу хаалганы эмээгийн маань мэгзэмтэйгээ холин халаглах үгс 
- Ядаргаатай юм бэ? Тайван амгалан ч амруулахгүй гэж адайрлах хөршийн тээршаалтыг өчүүхэн төдийд ч тоолгүй тэд түчигнэлдсээр. Будаатай шөл халааж өгсөний төлөө Бадрах эхнэртээ уурлаж байгаа нь энэ. Шөнө хугасалж орж ирсэн нөхөртөө хоол халаахаар дулаахан хөнжлөөсөө босч ирнэ гэдэг эхнэр хүний хувьд хүнд бөгөөд эрхэм үүрэг. Гэхдээ нөхөр гэртээ хэрхэн ирэхээс энэ бүхэн бас шалтгаалж болох . 
Харин Сарангийн хувьд энэ ажил нэр төрийн гэхээсээ илүүтэй залхаан цээрлүүлэлт мэт санагдана. Цахилгаан станцад сантехникч хийх нөхөр нь ажлаа буугаад эрүүл ирэх үе ховор. Худалч хүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд ганц өдөр эрүүл ирсэн нь хадам аав өвлийн идэш хэмээн арьсанд нь боосон адууны мах , нялх биетэй охиндоо зориуд бэлдэж ирсэн хонины гулууз мах авчирсан тэр өдөр байлаа. Хичнээн эрүүл ирсэн ч хадмыг дайлах нэрээр задласан архиа ганцаараа шахуу уучихаад 
- Ийм сайхан эхнэртэй , ийм сайхан хадамтай би азтай хүн гэж уйлах дуулахын хооронд гиншгэнэсээр унтсан тэр өдрөөс хойш улирал хэдэнтээ солигджээ. 
- Чи будаатай шөлнөөс өөр хоол хийж мэддэггүй юм уу? 
- Үгүй ээ Оргил хийсэн юм. Би орой тараад ирсээр байтал хүү маань хоолоо хийчихэж 
- Юу гэнээ чи алгын чинээхэн хүүгээ хоол хийсэн гэж намайг хуурах нь уу? Ингэхэд чи хаагуур явж байгаад тэгж оройтсон хүн бэ? Хаагуур хэнтэй банзалдаж явсан юм 
- За өвгөн минь нилээн согтсон байна. Шөнө орой болсон хойно хэрүүл хийгээд яахав. Хавь ойрын хүмүүс юу ч гэж бодоо билээ
- Яадаг юм. Сонсож л байг. Намайг эхнэрээ маллаж чадалгүй араараа тавиулдаг , айлын ноходоос ч дор хооллодог гэдгийг энэ хавийн бүх хүн мэдэж аваг 
- Өвгөөн юу гэж тийм юм байхав дээ. Ажил тараад хоёр автобус дамжиж ирнэ. Замын бөглөрөө ямар байдгийг чи мэдэж л байгаа шүү дээ. Юунд өдөр болгон ингэж байдаг юм. Эртхэн сайхан унтаж амаръя. 
Гэвч Бадрах энэ үгэнд улам омогшин эхнэрээ барьж аваад цохичих нь тэр. Том өрөөнд хашгичих аавынхаа дуунаар сэрсэн Оргил суганд нь наалдан чичрэх дүүгээ хөнжлийг нь татан дээшлүүлээд энгэртээ чанга тэврэв. Ээж нь нэг муухай орилсоноо чимээгүй болчихов. Хэсэгтээ чагнаж хэвтсэн хүү өндийхөөр завдтал ээж нь мэгшин уйлах нь тэр. Хүү тэр дороо зогтусан саатсанаа буцаад хөнжилдөө оров. Хүү өнөөдөр арван тав хүрчээ. Уулыг нурааж усыг эргүүлэхээр их хүчтэй биш ч гэлээ дахан дор эр гэгчээр өсгөлүүн биетэй , эрүүл чийрэг сайхан эр болон өссөөр. Аавыгаа согтуу ирээд агсан тавих бүрт айдаг байсан бол одоо дээрээс нь дараад нам унтуулах юмсан гэсэн хүсэл хүүд төрнө. Гэвч ээж нь хэрвээ түүнийг хэрэлдэж байхад нь орж ирэх юм бол уурлана шүү гэсэн тул ээжийгээ зовоохгүйн тулд хүү өрөөндөө тэвчин , хөнжилдөө шигдсээр. Бадрахын дуу нөгөө өрөөнд хадсаар ... 
- Босохгүй юу чи. Эрчүүдтэй заваарч явж ирчихээд эр нөхрөө ч хангах чадалгүй болчихсон уу? Их л жаргаж дээ та . Алив босоод ир. Бөгсөө даахгүй нь уу? 
- Боль л доо. Бадрахаа , миний өвгөөн одоо зүгээр сайхан унтаад амарчих. Тэгэх үү? Хөгшин нь орыг нь засаад өгье. 
- Чи надтай хамт унтахгүй санаатай юу? Үгүй шүү. Хэнтэй хаана байж , хаагуур явсан , хэрхэн жаргасныг чинь биен дээр чинь үзлэг хийхээс нааш би унтахгүй. Алив наад хувцасаа хурдан тайл.
Гэвч Саран согтуу нөхрийнхөө ая талыг засаж , тайван амруулах гэсэндээ ахин алганы амт үзэв. Энэ удаад ширээ юмуу , эсвэл ханын тавиурыг нураасан бололтой гэрээр нэг аяга таваг хагарах чимээ гарав. Хүү тэссэнгүй өндийх гэтэл дүү нь ахыгаа жижигхэн гараараа тас тэвэрчихээд тавьсангүй. Урд нь айгаад уйлдаг байсан дүү нь хүртэл хий дэмий бүлтгэнэхээс өөрийг хийхээ байж. Оргил дүүгээ зөөлөн үнсээд 
- Агаа нь явахгүй ээ одоохон чиний номыг олоод өгье. Хоюулаа зурагтай ном үзье гэж хэлээд гарыг нь суллан тавиулаад хөнжлөөр хулдан хучив. 
Орны хөлд хөглөрөн байсан олон сонингуудыг шалаар хөглөрүүлэн тарааж тавиад нэг зүйлийг хичээнгүй хийгээд сандрангуй хайж эхэллээ. Бараг талыг нь эргүүлсэний эцэст 
"Бидний хэлж заншсан 72-т хийсэн сурвалжлага " нэртэй нэгэн нийтлэлийг хараад үг өгүүлбэр бүрийг нүд гүйлгэн харлаа. Хүү ямар нэг зүйлийг хийх гэж байгаадаа итгэлтэй бус , магад айсан ч байж болох нүдээр дүүрүүгээ харахад агаа нь  гоё зүйл авчирна гэж хүлээж суугаа дүү нь түүн рүү гэмгүйхэн инээдээ илгээв. Хүү дүүгийнхээ энэ инээдэнд дуртай. Хөөрхөн . Ямар ч гэмгүй , гэдсээ хөдөлгөн ход ход инээхэд нь дуртай. Хоёрхон ойтой дүү нь хүртэл ямар нэг аймшигт зүйл болох мэт оройг хүлээн , магад бяцхан зүрхэндээ нар хэзээ ч битгий жаргаасай гэж бодож суудгийг үгүйсгэх аргагүй. Хүү утсаа шүүрэн авсан ч хуруу нь товчнууд дээр дарж чадалгүй эргэлзэж зогсоход нөгөө өрөөнөөс ээжийнх нь гомдонгуй , эхэр татан уйлах аавынх нь аахилах дуулдана.  
                                        ...........................................................................
Хүйтэн хонгилд хөвөнтэй цамцны энгэрийг базлан зогсох энэ хүн гадаах хүйтэнд бус сэтгэлийн хүйтэндээ шаналан зогсоо гэлтэй. Эрүүлжүүлэх байранд аархан орилж зогссон түүнээс өчүүхэн төдий тэмдэг  ч үлдсэнгүй. Дулаан хувцасыг нь авчирч өгөөд нүүр бууруулан гарсан эхнэр нь бүтэн сарын хугацаанд нэг ч ирсэнгүй. Өөрийг нь сураглаж ирээгүйд уурлах ч , түүнийг гомдоосон их зовиурынх нь хажууд энэ уур , гомдол юу ч биш гэдгийг тэр ухаарсан. Гадаа хүйтэн салхи үлээнэ. Магад үдээс хойш шуурч мэдэх хаврын тэнгэр хуйсагнан би угаасаа л ийм гэх мэт харлан барайна. 
Тамхины хайрцаганд ганцхан ширхэг хагас дутуу татаад унтраасан тамхи үлдсэнийг гаргаж ирээд хайрцагийг нь базан хажуу тийшээ шидсэнээ гэмшингүй авч хогийн саванд хийв. Хэрвээ тэр бүтэн сарын туршид хог цэвэрлэх ажил хийгээгүй бол ингэх ч үгүй байсан биз. Нилээн зайтай байх автобусны буудал руу харц бэлчээн зогссоноо захаа босгон , халаасандаа гараа хийгээд зам даган алхлаа. Санасныг бодоход нилээн зайтай юм. Хоосон шахуу автобус хажуугаар нь өнгөрөхөд гар даллан гүйх гэсэн боловч хүйтэн салхитай  хуйлран ирсэн шорооноос нүүрээ бууруулан буруу харлаа. 
Түй гэж шүлсээ нулимаад нүүрээ арчихдаа замхран арилах шороон дундаас бөртийн харагдах хоёр хүнийг олж харлаа. Илүү сайн нягталж харвал хоёр биш гурван хүн ажээ. Энгэртээ жаахан хүүхэд тэвэрсэн өсгөлүүнбиетэй залууг сугадсан эмэгтэй зуугуухан хэд алхсанаа дороо зогсчихов. 
- Ааваа гэж часхийтэл орилсон охин газарт буулгахыг шаардах мэт ахынхаа гарыг цохисноо Бадрахруу гар сарвайн инээлээ. 
Замыг хажуугийн шороотой хэсэг дээр бүдэрч унах шахан баацагнан гүйх охиноо харсан Бадрах цээж өөд нь огшин ирэх догдлолоо сэмхэн залгиад охиноо тосон том том алхлан гүйв. Наашаа ч үгүй цаашаа ч үгүй яг л нэг газартаа хадагдчихсан мэт хүү эхнэр хоёроо тэр өнөөдөр л харах мэт удаан ширтлээ. Жинхэнэ арьсан бөмбөг авахуулна гээд хушуугаа унжуулж зогссон жаахан хүү нь өөрөөс нь ч бараг өндөр болсоныг хараад ханхар сайхан залуу болох байхдаа гэсэн бодол , харцанд нь гялсхийн харвасан баярын оч эхнэрээ харах төдий хоромд унтарч орхив. 
Олон хүний харц унагаад байхаар сайхан биш ч гэлээ өөртөө таарсан мах мариа , тунгалаг цагаан царай , буржгар хар үс нь  зохисон гэж жигтэйхэн дунд зэргийн нуруутай бүсгүйг ёстой л өдөр шөнөгүй шахам дагаж гүйсээр өөртөө дасгаж байснаа санаад нүдэнд нь нулимс дүүрээд ирэв. Харин өнөөдөр эхнэрийнх нь цагаан царай сорви тогтон хүрэнтэж , нүдний нь доогуур цэлхрэн хөхөрч , ямар нэг ужиг өвчин тусчихсан гэлтэй шуугдан турж , амьдралдаа ганц л удаа авч өгсөн бэлэг болох хуримын бөгж нь хуруундаа холхиж байх мэт. 
- Ядрав уу хөгшөөн гэж асуухдаа Саран гэм хийчихсэн хүүхэд аятай түүн рүү эгцэлж харж ч чадсангүй. 
- Зүгээр дээ хө 
- Ааваа гадаа их хүйтэн байна та миний цамцыг давхарлаад өмсчих гээд ноосон цамцаа тайлж зогсоо хүүгээ хараад анх удаа энэ хорвоогийн эргүүлэгт амьдралд хөл алдах эрхгүй гэдгээ зүрх сэтгэлийн гүнд баттай мэдрэх шиг болов. Охин нь аавынхаа хацрыг хоёр жижигхэн гараараа шахан хамар дээр нь үнсэхэд бүгд түүнийг өхөөрдөн инээцгээж , цээжинд хурсан гомдлоо , бачуурлаа , гэмшлээ хаврын шороон шуурганд дайгаад явуулчих мэт сэтгэлээ хөнгөлцгөөлөө. 
- Миний хөгшин намайг уучлаарай. Өвгөн нь дахин архи уухгүй ээ 
Саран түүнд юу ч хэлсэнгүй зөвхөн үнэн үү гэсэн харцаар өөдөөс нь ширтэж хэвтсэнээ , мөрийг нь дэрлэн ажилд эвэршсэн гарыг нь зөөлөн атгаснаа 
- Чамайг би насан туршдаа уучилж амьдарсан. Харин хүүхдүүдээсээ уучлалт гуйх юм л дахиж битгий хийгээрэй гээд санаа алдав. 
Амьдрал өөрөө уучлалт байж , үр нахиа бүр нь гуниггүй , баяр хөөртэй дэлгэрч байгаасай... 
Ene ih setgeld hursen oguulleg baisan bolohoor copy paste hiichlee 
Oguullegiin ezen n http://luza.blog.banjig.net/post.php?post_id=11749

1 comment: